(Дурсамж, нийтлэл)
Нар шарсан 2000 оны зун Өндөрхааны талд бороо цөөхөн орсон сон. Тэр үед "Хэнтийн хүү, нөгөө алдартай Жиймэн 20 жилийн дараа нутагтаа ирлээ" гэх яриа жижигхэн хотын хүн бүхний чихийг дэлсэв. 8-р ангиа дөнгөж төгсөөд байсан би бээр ид юм юм сонирхон тийчилдэг дээрээ байсан тул тэр хүнтэй л нэг уулзахсан гэх бодол өөрийн эрхгүй төрнө.
Тэгэж байтал удсан ч үгүй нэгэн сайн найзын хамт гэрт нь очих тохиол таарав. Тэр их хүний тухай дуулснаас гэвэл "Их л эрдэм номтой, урлагт авьяастай" гэнэ лээ гэснээс өөр зүйлгүй. Өөрийгөө шинжлэх ухаанд дуртай хэмээн хэт дөвийлгөн онгирсхийж танилцуулсны минь дараа, надаас "Шинжлэх ухаан гэж юу вэ?" гэсэн асуултаар бидний яриа эхлэх нь тэр. Уул нь хими, физик, математик, анатоми гэх мэт хичээлүүдийг үздэг байсан ч яг тэр асуултанд хариулах хэмжээнд ойлголтгүй явсан тул таг гацчихав. Ядаж байхад гүн ухаан сонирхдог гээд хэлчихсэнийг ч хэлэх үү. Нүүр час улайгаад, халуун гэр бүр ч халуун болчих шиг санагдав. Харин Жиймэн доктор надад шинжлэх ухааны тухай, танин мэдэхүйн тухай, гүн ухааны тухай маш ул суурьтай тайлбарлаж өгсөн юм. Ингэж би өөрийн эрхэм багштайгаа анх учирч билээ.
Тэр өдрөөс хойш байн байн очиж, тэр зуныг бүхэлд нь тэдний гэрт өнгөрөөсөн дөө. Нэг удаа ихэд бодолхийлэн байснаа "Би чамайг өөрийн үндсэн шавиа болгоно, би чамд физик, математик, одон орон, програмчлал заах болно" гэж хэлэх үед би ч ш/у-ны доктор багштай болсондоо хөл газар хүрэхгүй баярлав. Ийнхүү би өдөр бүр л багшийнд очиж, багш ч янз бүрийн зүйлийн тухай өдөржин ярьж өгдөг байлаа. Зөвхөн яриад л байдаг байсан. Учир нь би багштай харилцан ярилцах битгий хэл, ярьж байгааг нь гүйцэд ойлгох хэмжээнд хүрээгүй байлаа. Ялангуяа түүх их ярина, бас алдарт эрдэмтийн намтар, онигоо гээд л. Тэр зун би 10-р ангийн математикийн хичээлийг дуустал нь үзэж, физикийн үндсийг их сайн заалгасан юм. Надад нэг ч томьёо хэлж өгч байгаагүй. Сүүлд би их сургуулийн лицейд багшилж байх үедээ бодохнээ "хүнийг ямар нэг зүйлд сургах гэж ойлголт байхгүй, харин хүн өөрөө сурдаг юм байна, багш зөвхөн сэдэл төрүүлдэг" гэдгийг ойлгосон юм. Ийм ч учраас миний сонирхлыг татах зүйл л их ярьдаг байсан байх аа.
Миний багшийн тухайд гэвэл дөнгөж 6 настайдаа морин хуур тоглож сураад, 8 настайдаа 4 төрлийн хөгжим, 10-р ангиа төгсөхдөө бараг бүх хөгжмийг өөрийн сонсголоор дарж сурсан (5-р ангиасаа хөгжмийн онолын мэдэгдэхүүнтэй болсон гэдэг) бөгөөд дунд сургуульд байхдаа Бүх ард түмний урлагийн үзлэгт хошой алтан медаль хүртэж, Л.Брежневийг Монголд 1981 онд ирэхэд төрийн 3-дахь номер болон морин хуур тоглож байсан ба олон олон дуу зохиож, ая оруулсан авьяаслаг нэгэн билээ. Мөн байгалийн ухааны хичээлүүдэд туйлын авьяастай байж, аймгийн математикийн олимпиадад 4 удаа түрүүлж, математикийн улсын эчнээ олимпиадад түрүүлж, улмаар Унгарын Будапешт хотын Техникийн Их Сургуульд "Компьютер зохион бүтээх инженер"-ийн мэргэжлээр төгссөн анхны монгол хүн байсан юм. Оюутан ахуйдаа хэдэн мажаар оюутны хамт амьд хөгжмийн хамтлаг байгуулж, "Чингис хаан" гэдэг нэртэй шүлгэнд өөрөө ая зохиож дуулж байсан бөгөөд үүнийг өдгөө ч тэр үеийн Европт сурч байсан олон оюутнууд мэддэг. (Бүүгий, бүүгий Чингис ... гээд л) Харин тэр дууг дуулсныхаа төлөө үзэл суртлын зөрчил гаргасан хэмээн оюутан байх эрхийг нь хасч, эх оронд нь бүр мөсөн буцаах шийдвэрийг тэр үеийн Унгар дахь Монголын элчин сайдын яамнаас гаргаснаас хойш урлагт дахин хөл тавиагүй юм. Тэр үед хөөж байсан нөхөр нь өдгөө Чингисийн академийн гишүүн болчихсон явах юм билээ. Монголд ирээд Одон орон судлах оргилд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж, олон шинэ бүтээлүүд хийж, хамгийн сүүлд шинжлэх ухааны аргаар хүний хувь заяаг тооцоолох тухай "Интерактив ш/у-ны зурхай" сэдвээр ш/у-ны докторын зэрэг хамгаалсан юм. Энэ бүхний дараа эргэн нутагтаа түр хугацаагаар очоод байхтай нь би таарч, тэр их хүнтэй учирсан нь энэ ээ.
Гэвч нэг өдөр багшийн минь бие муудаж, хэвтэрт орсноор өдгөө 5 намар өнгөрөв. Би одоо ч гэсэн ойр ойрхон гэрт нь очих. Харвалт өгснөөс болж ярих чадваргүй болсон тул надад цаасан дээр бичсэн үсэгнээс хуруугаараа заан цуглуулж "хичээлээ орно". Багш хүн хэзээ ч гэсэн шавьдаа ямар нэгэн зүйл зааж байх ёстой гэж одоо ч хэлдэг. Өнөөдөр надад байгаа бүхий л ёс суртахуун, хүн чанар, мэдлэг чадвар, ажил төрөл, шинэ амьдралыг минь нээж өгсөн ачит тэр хүнийг харан сэтгэлийн гүнд нулимстай явна. Саяхан хүртэл надад "Чи миний хамгийн дотны шавь, би чамд бүхнийг заах болно" гэж хэлэх үед нүднээс өөрийн эрхгүй гуниг минь урсаж, багшийнхаа төлөө залбирна.
Тиймээ! Хүн бүхэн өөр өөрийн гэгээн хүсэл мөрөөдөлтэй. Би ч бас бусдын адил олон зүйлийг мөрөөдөж байна. Гэхдээ энэ их ачит хүнийг дахин инээд алдаад яриж суухыг нь би мөрөөдөж байна. Багшийгаа олон шавь нартаа эрдэм мэдлэгээ түгээж, эрүүл энх байхыг нь мөрөөдөж байна. Миний нүдийг нээсэн энэ хүнийг өөр хэн нэгэнд гэрэл гэгээтэй ирээдүй бэлэглээсэй хэмээн мөрөөдөж байна. Ийм нэгэн мөрөөдөл сэтгэл зүрхэнд минь оршсоор ...
Шавь А.Баатарчулуун (2009-12-09)