Цаг хугацаа гээч зүйл харвасан сум шиг өнгөрч буйг энэ ном дахин нэг удаа ухаарууллаа. Учир нь энэ номыг анх уншсанаас хойш миний англи хэлний чадвар хэрхэн сайжирсан бэ гэдэг дээр өөрийн эрхгүй дүгнэлт хийн суусан бөгөөд аливаа зүйлийг сурах болон хийж бүтээхэд хүмүүний "тууштай чанар" нэн чухал болохыг товойлгон бодно.
Интернэтэд энэхүү ном өргөн тархаснаас үзэхүл би ч мөн миний блог руу зочилдог цөөн хэдэн найз нөхөддөө зориулаад энэхүү номыг бүрэн эхээр нь байршуулж байна.
Гадаад
хэлийг төгс сурахуйн нууц
Олонх хүмүүс яагаад
гадаад хэлийг амжилттай сайн сурч чаддаггүй вэ?
Сүүлийн
үед манай улсад англи, хятад, япон, герман, солонгос зэрэг харь хэлийг сонирхон
суралцагсдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж гадаад хэлний чиглэлийн сурах
бичиг, толь бичиг олон арваараа хэвлэгдэн гарах боллоо. Гадаад хэлний мэдлэг нь
зөвхөн хувь хүний хүмүүжил боловсролд төдийгүй улс нийгмийн хөгжилд ч чухал
дэмтэй хүчин зүйл гэдэг нь ойлгомжтой. Гэвч манай улсын бага дунд сургуульд ч
тэр, их дээд сургуульд ч тэр гадаад хэлний сургалт тэр болгон үр дүнтэй
явагдахгүй байгаа гэвэл уншигч та санал нийлэх байх аа. Олон жил гадаад хэлний
чиглэлээр ажиллаж, багагүй хугацаагаар оюутан залуусыг гадаад хэл сургах үйлсэд
зүтгэж байх явцдаа ажиглаж мэдсэн зүйл юу гэвэл олонхи хүмүүс гадаад хэлийг
амжилттай сурч чадахгүй байгаа нь зөвхөн хувь хүний хичээл зүтгэлээс хамаараад
зогсохгүй хамгийн гол нь манай гадаад хэлний сургалтын арга зүй, орчин нөхцөл
хоцрогдсонд асуудлын гол байх шиг санагддаг. Гадаад хэлийг амжилттай суръя
гэсэн хүн тухайн хэлийг сурахтай холбогдсон бэрхшээлүүдийн талаар үнэн зөв
ойлголттой болж улмаар түүнийг гэтлэн давах аргуудаа зөв тодорхойлж чадвал
богино хугацаанд сайн сурах бололцоотой юм.