Долгорын Нямаа гуайн тухай олон сайхан дурсамжууд байдаг. Тухайлбал Пүрэвдорж гуайн Сэгс цагаан богд найраглал хэрхэн бүтсэн тухай та бүхэн сонсоо биз.
Нямаа гуайн нэг сайхан шүлгийг нь энд оруулъя.
Бараа бараагаа харсан
Холын цэнхэр уул
Багаас миний хайртай
Хоёр цэнхэр уул
Зэрэглээ гүйсэн талын
Зэрэгцээ хоёр уул
Зээр цахилсан хөндийн
Сондгой хоёр уул
Саахалт хоёр айлын
Санаа нэг гэдэг шиг
Сайхан хоёр уулын
Салхи бас нийлнэ
Сайхан хоёр уулын
Салхи нийлэв гэхэд
Ботгон цагаан уулын
Бороо бас нийлнэ
Ботгон цагаан уулын
Бороо нийлэв гэхэд
Цэнхэр хоёр уулын
Цэцэг бас нийлнэ.
Холын холоос бараатай
Аргалын хоёр уул
Хоёулаа байх нь жаргалтай
Амрагийн хоёр уул
Хэн хэнээсээ холдохгүй
Талын хоёр уул
Хэзээ ч гэсэн ойртохгүй
Дууны хоёр уул