"Майнд" клубээс гаргасан Эрих Фромм-ын "Хайрлах урлаг" номыг уншсан сэтгэгдлээ хуваалцъя.
Эрих Фромм бол Германы философич, социалогич, психологич бөгөөд олон зохиол бүтээл туурвисны хамгийн алдартай нь "Art of Loving" буюу Хайрлах урлаг юм.
Энэхүү ном нь философийн бүтээл боловч уншихад харьцангуй хялбар буюу олон нийтэд зориулан бичсэн.
Уг номын гол асуудал - ХАЙР. Хайр гэж чухам юу вэ?
Мэдээж уг асуудлыг бүрэн тайлбарлах хэний ч хувьд амаргүй нь ойлгомжтой. Фроммын ажигласнаар хүн байгалиасаа бусадтай нэгэнлэг (singular) байх хэрэгцээ байдаг. Энэхүү хэрэгцээгээ төрөл бүрээр хангадаг бөгөөд муу жишээ нь мансуурах тохиолдлууд. Харин энэхүү нэгэнлэг байдлыг урт хугацаанд, үр дүнтэй хадгалах бараг цорын ганц арга бол хайрлах.
Хайрлах гэдэг бол бусдад таалагдах тухай ойлголт огт биш бөгөөд харин бусдыг танин мэдэх, анхаарах, ойлгох, улмаар халамжлах гэсэн олон цогц ойлголтуудыг нэгтгэсэн хүний ертөнцийн хамгийн чухал ухагдахуун. Ийм учир аливаа урлагт суралцдаг шиг хайрлахад мөн суралцах шаардлагатай. Энэ нь тийм ч амар ажил биш.
Хайрыг ээжийн хайр, эцгийн хайр, амраг хайр гэх мэтээр төрөлжүүлж болно. Ээжийн хайр бол ямар нэгэн нөхцөлгүй хайр бөгөөд магадгүй хайрын төгс хэлбэр. Харин эцгийн хайр бол нөхцөлт хайр.
Фроммын бүтээлүүдээс Маркс, Фройд зэрэг философичдын идеа нэлээд харагддаг. Ялангуяа энэхүү номд Фройдын зарим нэг санаа үе үе гарч ирснийг хэлэх нь зүйтэй. Мэдээжийн хэрэг өмнөх үеийн хүмүүсийн хийж бүтээсэн зүйл дээр үндэслэн, илүү сайжруулан, өөрийн идеалыг бий болгож явах нь хөгжлийн зайлшгүй процесс.
Орчуулгын тухайд зарим нэг нэр томьёог шууд тэр чигээр нь орчуулахгүйгээр явуулсан нь доктор Молор-Эрдэнийн стиль харагдлаа.
Нэг сонирхолтой үзэгдэл болж буй нь уг ном Интерном дэлгүүрийн бэстсэллэрийн жагсаалтанд нэлээд хэдэн сарын хугацаанд орж байна.
Уг номыг уншаарай гэж хэн бүхэнд хэлье. Яг уншихдаа жаахан төвлөрч уншихгүй бол тийм хялбар биш шүү гэдгийг бас сануулъя.
No comments:
Post a Comment