Monday, July 30, 2007

Бороо

Хөрстийн зүүд биелж бороо оров
Яг л над дээр чи ирэх шиг ...
Газрын зүүд биелж бороо оров
Яг л чам дээр би очих шиг ...

Sunday, July 29, 2007

Зигмунд Фрейд: Психоанализ

1860-аад оны үед төрсөн Австрийн эрдэмтэн Зигмунд Фрейд-(орос бичлэгээр нь бичиж байна. англиар бол Zigmund Freud) -ийн "Психанализ" гэж номыг уншлаа. Нилээд хэдэн жилийн өмнө орчуулагдсан уг номноос Фрейдийн Психоанализийн тухай товч боловч ойлголт авч болох юм. Психоанализ гэдэг нь сэтгэцийн задлан шинжилгээ гэсэн утгатай. Харин манайд Фрейд нэг их дэлгэрээгүй юм болуу гэж санагдлаа.
Уг ном Фрейдийн Америкт зочилж уншсан цуврал лекцүүдийн эмхэтгэл юм. Фрейд өөрөө сэтгэц мэдрэлийн өвчний эмч хүн байсан бөгөөд Фрейдийн сургаал номлолуудыг илүү практик шинжтэй гэж үздэг байна. Тухайлбал Фрейд сэтгэцийн эмгэг чухам юунаас болж, яагаад үүсч байгаа учир шалтгаан руу анхаарлаа хандуулж, түүнийг хэрхэн эмчлэх талаар л бодож байсан байна. Тухайн үеийн анагаахын шинжлэх ухаан яг энэ асуудал дээр үнэнхүү мухардалд ордог байжээ. Тэрээр сэтгэцийг задлан ангилахдаа ухамсарт ба ухамсаргүй хэмээн ангилж үзсэн бөгөөд ухамсарт үйлдэлд бидний өдөр тутам бодож боловсруулагдсан үйл хөдлөлүүд ордог ба харин ухамсаргүй үйлдлүүдэд бодож тунгааж биш, гэнэт хийж орхидог, зарим тохиолдолд бараг хийснээ ч мэддэггүй, мөн зүүд гэх мэт маш чухал ойлголтууд багтдаг байна.
Хүнийг ухамсарт үйлдэл удирдахаас гадна, ухамсаргүй үйлдлүүд нэн чухал шийдвэрлэх нөлөөтэйгээр удирддаг. Ялангуяа зүүд! Бас бэлгийн амьдрал! Эдгээр нь хүний гаргадаг янз бүрийн авир араншин, өөр олон зүйлийг тайлбарлах эх үндэс гэж Фрейд үздэг байна. Үүнийхээ дараагаар тэрээр Эго, Супер Эго, Ид гэсэн хамгийн чухал 3 ойлголтыг өөрийнхөө онолд оруулж ирсэн юм.
Тухайлбал их Эго-той хүн гэвэл нийгмийн дунд дасан зохицох чадвар өндөртэй, соёлын түвшин өндөр хүнийг ойлгох. Харин Ид гэдэг ухамсаргүй төлөв. Тухайлбал хүний адгууслаг шинж үүнд хамаарна. "Сэтгэцийн өвчин бол соёл иргэншлийн золиос" гэж Фрейд хэлсэн байдаг. Энэ үгийг хүн төрөлхтөн соёлжиж иргэнших тусам илүү их Эго-той болдог бөгөөд энэ үед өөрийнхөө Ид-ийг гаргах нь тодорхой хязгаартай болж эхэлдгээс сэтгэцийн өвчин бий болдог гэсэн санаа юм болуу гэж ойлгож байна.
Фрейдийн хамгийн алдартай 2 ном байдаг гэнэ. Нэг нь "Психоанализ", нөгөө нь "Зүүдний тайлал" оросоор "Толкование сновидение". Эдгээрийг орчуулагдаасай гэж хүсч байгаагаа ч нуух юун. Баяртогтох гэж хүн Фрейдийг анх удаа манайд орчуулсан юм билээ. Зүүд, Психоанализ гэдэг 2 жижиг ном. Энэ нь дээр хэлсэн номнууд биш.
Миний хувьд Фрейдийг анхлан судлагч биш бүр анхлан сонирхогч учир жаахан систем цэгц муутай бичлэг оруулчихлаа. Болгооно биз ээ. Гэхдээ психоанализыг илүү гүнзгийрүүлэн үзэх хэтийн бодол байгаа юм аа.

Thursday, July 26, 2007

Григорийн календарийн тухай


Хүн төрөлхтөн эрт дээр үеэс цаг хугацааг тоолох янз бүрийн цаг тооны бичгийг ашиглаж ирсэн байна. Эдгээр нь голдуу нар, сар, дэлхий 3-ын хөдөлгөөний үетэй холбоотой байдаг. Өнөөдөр дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг календарь бол бидний сайн мэдэх Григорийн календарь юм. Энэхүү календарийн эхлэх цэгийг Есүс Христийн төрсөн өдрөөр авдаг учир Христийн тоолол ч гэх нь бий (Гэхдээ цөөн хэдэн өдрийн зөрөө бий тухай зарим нэгэн тэмдэглэлийг уншиж байснаа санаж байна).
Григорийн тоолол бол нар болоод дэлхийн харилцан хөдөлгөөнтэй холбоотой бөгөөд дэлхийн нарыг 1 бүтэн тойрох хугацааг календарийн 1 жил гэдэг. Гэхдээ энэ тооллын үндсэн нэгж нь 1 хоног бөгөөд 1 хоног = 24 цаг юм. Дэлхий тэнхлэгээ 1 бүтэн эргэх хугацаа 23 цаг 48 минут 46 секунд байдаг ба (би энэ тоог цээжээр хэлж байгаа учир алдаж байж магадгүй) 1 хоногоос 11 минут 14 секунд орчмоор бага байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн 1 хоногоос бидний үзэж буй 1 хоног 11 минутаар хоцорч байдаг гэсэн үг юм.
Нөгөө талаас дэлхий нарыг тойрох хугацаа 365,2425 байдаг ба үүнийг ойролцоогоор 365,25 гэж үзээд 365 хоногтой 3 жил, 366 хоногтой 1 жил буюу 4 жилд нэг удаа өндөр жил тохионо гэж анх тоолж явжээ. 1 жилийг 12 сард хувааж,
1-р сар 31
2-р сар 28 юм уу 29
3-р сар 31
4-р сар 30
5-р сар 31
6-р сар 30
7-р сар 31
8-р сар 31
9-р сар 30
10-р сар 31
11-р сар 30
12-р сар 31 хоногтой явж иржээ.
Харин өндөр жил тохиоход 2-р сарын сүүлд 29-нийг нэмж оруулдаг байна. Дээрхээс харахад 3-аас 7 сарын өдрүүдийг, доор нь 8-аас 12-р сарын өдрүүдийг жагсаахад
3-7 р сарын өдрүүд: 31 30 31 30 31
8-12 р сарын өдрүүд: 31 30 31 30 31
зүй тогтол бас ажиглагддаг юм.

Гэтэл 365,25 - 365,2425 = 0.0075 хоногоор жил тутам хоцорч явсаар 1582 он гэхэд байгалийн өдрөөс нийт 10 хоногоор хоцорсон байна. Энэхүү зөрөөг Юлийн тоолол гэж нэрлэгдэх тасралтгүй өдрөөр тоолдог тооллыг ашиглан гаргаж болно.
Энэхүү алдааг засахын тулд XIII Грегори:
4 жил тутамд өндөр жил, 100 жил тутамд энгийн жил, 400 жил тутамд өндөр жил байхаар уг тооллыг өөрчилж оруулсан ба 1582 оны 10-р сарын 4-ний өдрийн маргаашийг шууд 1582 оны 10-сарын 15-ны өдөр болгон үсэргэсэн юм. Энэхүү өөрчлөлт орсон тооллыг өдгөө бид Григорийн тоолол буюу шинэ тоолол гэж нэрлэж буй билээ.
Ийнхүү үзвэл
1600 он - өндөр жил
1700 он - энгийн жил
1800 он - энгийн жил
1900 он - энгийн жил
2000 он - өндөр жил
2100 он - энгийн жил
болно.
Хуучин тооллыг хэрэглэж буй тохиолдолд
1700 он гэхэд 11 өдрөөр, 1800 он гэхэд 12 өдрөөр, 1900 он гэхэд 13 өдрөөр 2000 он гэхэд 13 өдрөөр байгалийн өдрөөс хоцордог. Шинэ тооллыг хэрэглэхэд 2500 жилд ойролцоогоор 1 хоногийн зөрөө гарах бөгөөд энэ нь хүний амьдрал ахуйд нэг их нөлөөлөхгүй юм.
Ийнхүү шинэ тоолол үүссэнээс хойш улс гүрнүүд ээлж дараагаар энэ тоолол руу шилжиж эхэлсэн ба Орос орон л гэхэд Октябрийн хувьсгалын дараа 1918 онд шилжсэн гэдэг. Өнөөдөр тэд Октябрийн буюу 10-р сарын хувьсгалийн баярыг 11 сарын 7-нд тэмдэглэдэг ба учир нь цаг тоололдоо дээрх 13 хоногийг нэмж тоолсноос болсон хэрэг юм.

Tuesday, July 24, 2007

Бүтээмж өндөртэй хүний 7 дадал

Саяхан нэг их гоё ном уншиж дуусгалаа. Энэ бол Стивен Ковей -гийн "Бүтээмж өндөртэй хүний 7 дадал" гэдэг ном юм. Уг номын тухай маш товч, зүгээр л үнэртэх төдий танилцуулгыг хүргэхээр шийдлээ. Өөрийн ойлгосноор хүргэж буй дээр нь ганцхан удаа уншсан учир гүйцэд ухаагүй зүйлүүд зөндөө бий гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү номыг хэн боловч нэг удаа уншиж үзэхэд илүүдэхгүй гэсэн үүднээс танилцуулж байгаа юм.

Дадал 1, 2, 3 бол хувь хүн рүү хандсан зарчимууд юм.
Дадал 1. Ердөө л өөрийгөө хариуцах. Аливаа нэгэн үйл явдал үүсч бий болох нь надаас үл хамаарлаа гэж бодоход, буцаагаад түүнд ямар хариу үзүүлэх нь үндсэндээ миний хэрэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн зүйлд хандах миний хандлага бол миний сонголтоос хамаарна гэсэн үг.
Дадал 2. Зарчимаа тодорхойлох. Өөрийн үнэт зүйл, зорилго чиглэлтэй холбоотойгоор өөрийн гэсэн дагаж мөрдөх үндсэн хуулийг томьёолох. Үүнд нэлээд цаг зарцуулж хийх хэрэгтэй юм шиг байна лээ.
Дадал 3. Нэн тэргүүний зүйлийг эхэнд нь тавь. Энд нөлөөллийн хүрээ гэж ойлголтыг оруулж ирэх ба өөрт хамгийн чухал зүйлийг хамгийн түрүүнд хийх зарчим юм. Цаг хугацааны хувьд яаралтай биш мөртлөө чухал зүйлүүдэд илүүтэй цаг гаргаж ажиллахыг санал болгосон байна.

Дадал 4, 5, 6 бол олон нийттэй харьцах талтай холбоотой зарчимууд юм.
Дадал 4. Эхлээд ойлго дараа нь ойлгуул. Эхлээд бусдыг үнэн сэтгэлээсээ ойлгохыг хичээ. Харин дараа нь өөрийгөө ойлгуул. Зөвхөн өөрийнхөө өнцгөөс харж ярьснаар хэзээ ч амжилтад хүрэхгүй.
Дадал 5. Хож/хож. Бусадтай харьцах харьцаандаа үргэлж хож/хож гэсэн зарчмыг баримтлах. Нэг үгээр хоёулаа хожих хэрэгтэй. Ихэнх хүмүүс хож/хожигд гэсэн зарчимаар ажилладаг бол хожигд/хож гэсэн харьцаа нь дээрхээс ч муу юм байна. Харин хожигд/хожигд гэсэн зарчмын тухайд ярих ч хэрэг байхгүй.
Дадал 6. Хорших. Харилцагч хүний хувьд ямар нэгэн ялгаатай тал байгаа бол ялгаатай талыг хүндэтгэх хэрэгтэй. Хэн хэнийх нь хувьд тааламжтай байх, хүлээн зөвшөөрөхүйц 3 дахь сонголт үргэлж байдаг гэдгийг сана.
Дадал 7. Ирээ хурцал. Бүхнийг эхнээс нь давтан сайжруулах. Яг л спирал хөгжлийн онол шиг.

Энэ номыг Internom, Боловсрол, Урлагийн номын дэлгүүр зэрэг газруудад худалдаж байсан.

Wednesday, July 18, 2007

Эхлэл

Миний блогод зочилсон танд гүнээ талархаж байна.
Би өөрийн бодол, сонирхол, дотоод ертөнцийнхөө тухай энд бичих болно.