Thursday, July 26, 2007

Григорийн календарийн тухай


Хүн төрөлхтөн эрт дээр үеэс цаг хугацааг тоолох янз бүрийн цаг тооны бичгийг ашиглаж ирсэн байна. Эдгээр нь голдуу нар, сар, дэлхий 3-ын хөдөлгөөний үетэй холбоотой байдаг. Өнөөдөр дэлхий дээр хамгийн өргөн хэрэглэгддэг календарь бол бидний сайн мэдэх Григорийн календарь юм. Энэхүү календарийн эхлэх цэгийг Есүс Христийн төрсөн өдрөөр авдаг учир Христийн тоолол ч гэх нь бий (Гэхдээ цөөн хэдэн өдрийн зөрөө бий тухай зарим нэгэн тэмдэглэлийг уншиж байснаа санаж байна).
Григорийн тоолол бол нар болоод дэлхийн харилцан хөдөлгөөнтэй холбоотой бөгөөд дэлхийн нарыг 1 бүтэн тойрох хугацааг календарийн 1 жил гэдэг. Гэхдээ энэ тооллын үндсэн нэгж нь 1 хоног бөгөөд 1 хоног = 24 цаг юм. Дэлхий тэнхлэгээ 1 бүтэн эргэх хугацаа 23 цаг 48 минут 46 секунд байдаг ба (би энэ тоог цээжээр хэлж байгаа учир алдаж байж магадгүй) 1 хоногоос 11 минут 14 секунд орчмоор бага байдаг. Өөрөөр хэлбэл байгалийн 1 хоногоос бидний үзэж буй 1 хоног 11 минутаар хоцорч байдаг гэсэн үг юм.
Нөгөө талаас дэлхий нарыг тойрох хугацаа 365,2425 байдаг ба үүнийг ойролцоогоор 365,25 гэж үзээд 365 хоногтой 3 жил, 366 хоногтой 1 жил буюу 4 жилд нэг удаа өндөр жил тохионо гэж анх тоолж явжээ. 1 жилийг 12 сард хувааж,
1-р сар 31
2-р сар 28 юм уу 29
3-р сар 31
4-р сар 30
5-р сар 31
6-р сар 30
7-р сар 31
8-р сар 31
9-р сар 30
10-р сар 31
11-р сар 30
12-р сар 31 хоногтой явж иржээ.
Харин өндөр жил тохиоход 2-р сарын сүүлд 29-нийг нэмж оруулдаг байна. Дээрхээс харахад 3-аас 7 сарын өдрүүдийг, доор нь 8-аас 12-р сарын өдрүүдийг жагсаахад
3-7 р сарын өдрүүд: 31 30 31 30 31
8-12 р сарын өдрүүд: 31 30 31 30 31
зүй тогтол бас ажиглагддаг юм.

Гэтэл 365,25 - 365,2425 = 0.0075 хоногоор жил тутам хоцорч явсаар 1582 он гэхэд байгалийн өдрөөс нийт 10 хоногоор хоцорсон байна. Энэхүү зөрөөг Юлийн тоолол гэж нэрлэгдэх тасралтгүй өдрөөр тоолдог тооллыг ашиглан гаргаж болно.
Энэхүү алдааг засахын тулд XIII Грегори:
4 жил тутамд өндөр жил, 100 жил тутамд энгийн жил, 400 жил тутамд өндөр жил байхаар уг тооллыг өөрчилж оруулсан ба 1582 оны 10-р сарын 4-ний өдрийн маргаашийг шууд 1582 оны 10-сарын 15-ны өдөр болгон үсэргэсэн юм. Энэхүү өөрчлөлт орсон тооллыг өдгөө бид Григорийн тоолол буюу шинэ тоолол гэж нэрлэж буй билээ.
Ийнхүү үзвэл
1600 он - өндөр жил
1700 он - энгийн жил
1800 он - энгийн жил
1900 он - энгийн жил
2000 он - өндөр жил
2100 он - энгийн жил
болно.
Хуучин тооллыг хэрэглэж буй тохиолдолд
1700 он гэхэд 11 өдрөөр, 1800 он гэхэд 12 өдрөөр, 1900 он гэхэд 13 өдрөөр 2000 он гэхэд 13 өдрөөр байгалийн өдрөөс хоцордог. Шинэ тооллыг хэрэглэхэд 2500 жилд ойролцоогоор 1 хоногийн зөрөө гарах бөгөөд энэ нь хүний амьдрал ахуйд нэг их нөлөөлөхгүй юм.
Ийнхүү шинэ тоолол үүссэнээс хойш улс гүрнүүд ээлж дараагаар энэ тоолол руу шилжиж эхэлсэн ба Орос орон л гэхэд Октябрийн хувьсгалын дараа 1918 онд шилжсэн гэдэг. Өнөөдөр тэд Октябрийн буюу 10-р сарын хувьсгалийн баярыг 11 сарын 7-нд тэмдэглэдэг ба учир нь цаг тоололдоо дээрх 13 хоногийг нэмж тоолсноос болсон хэрэг юм.

No comments: