Friday, February 12, 2021

Монгол хүний суурь философи (үндсэн үзэл баримтлал)

Миний багш доктор Жиймэн ийн бичиж байв. 

    Тэр нэгэн цагт их эзэн Чингис хаан Төв Азийн өндөрлөгт эсгий гэрт сууж, нүүдлийн мал ахуй эрхэлж амьдардаг олон овог, аймаг, малчин өрх айлыг нэгэн жолооноо оруулж өөрийн гэсэн өнгө төрхтэй соёл иргэншлийг бий болгож эсгий туургатны цоо шинэ их улсыг байгуулах явдал монгол үндэстний оршин тогтнохуйтай холбоо бүхий амин чухал асуудал байсан бол эдүгээ бидэнд XXI зууны соёл иргэншлийн ужиг гажиг тахалд нэрвэгдэн гажсан оюунаа, өнгөц ухаанаа, нимгэн мэдлэгээ, бараг мартагдсан соёлоо, хэсэгтээ орхигдсон хүмүүжлээ эгнэгт алдаагүй дээрээ эргүүлэн авах, цэвэршүүлэн ариусгах явдал амин чухал асуудал болоод байна. Юуны түрүүнд хүмүүжил, соёл, ёс заншил, зан суртахууны зөв арга барилтай, сэтгэлгээний зөв тогтолцооны системтэй, удам угсаа, улс үндэстнээ гэх чин үнэн бодолтой шинэ зууны шинэ хүн төрүүлэн гаргах шаардлагатай. Ингэхийн тулд гадны ямар ч нөлөөлөлд үл автан бие даан шийдэж чадах дархлааны иж бүрэн систем дээрх хүчин зүйлүүдээр бий болгосноор л зөвхөн хэрэгжүүлж болох юм. Мөн аль ч цаг үед ямар ч ажил үйл эхлэхэд биеэ зөв бэлтгэж чаддаг, дурын орчин нийлэгжин амьдарч чаддаг, өөртөө болон улс эх орондоо хэрэгтэй, ашигтай байхаар үйл ажиллагаагаа явуулж чаддаг иргэн бэлтгэн гаргах учиртай. Эдгээр шаардлагуудаас урьтал болгон суурь философи нь дараахь концепциудаас бүрдэнэ. 

Бие оршихуйн нэгэн дархлаа: - үлгэр домог, үүх түүх, зан заншил, уламжлалт соёлоо марталгүй байж эцэг эх, элгэн садан, ахан дүүс, анд нөхөд, хүн хүнээ хүндэтгэх ариун зарчим, эрдэм олохын тулд багшаа бишрэн шүтэх бурханы сургаалд үнэнч явж, дээшээ захирагдаж доошоо чиг заан явахын үлгэр үзүүлэн эх сайхан хэлээ төгс сайн эзэмшиж удам сайт үндэс угсаагаа эрүүл саруул байлгаж оньсого таавар, ончтой хэллэгээр оюунаа сэргээж дагах журам, дээшлэх ёсоо эрхэмжлэж ирсэн дээд тэнгэр шүтэгч өвөг дээдсийн маань өв тэгш хүмүүжил болой.

Сэтгэл - оюун оршихуйн нэгэн дархлаа: - өдгөө бидний оршин тогтнохуйн үндэс хийгээд оршил - уршил хэмээн үзвэл зохих мандах - буурах, манлайлах - хоцрох, жаргах - зовох, буян хураах - бузар үйлдэхийн алийг ч гэсэн ажрахгүй давах тэсвэр тэвчээр, тэнгэрлэг тавилан, хал үзэж хашир суух монголч ухаан, нэгэн чигт сэтгэл шулуудах холч мэргэн бодол, чин үнэнч шударга байхуйн ариун зарчим, эв эеэн эрхгүй дээдэлж үндэс угсаагаа үнэнхүү хамгаалж харь бодол, харш суртал, хорон санаа, хомхой хүсэлд үл автахын үлгэр жишээ, цэлмэг тэнгэр шигээ цэвэр ариун ур, ухаанаа соёл иргэншлийн ужиг тахлаас цайзлан хамгаалж газар дэлхийн бүү хэл мөнх тэнгэрийн хүчинг мэдэрдэг байсан ухаант өвөг дээдсийн билиг оюун, од, гариг, тэнгэрийн эрхсийн хөдөлгөөнийг нарийн тооцоолж амьдрал ахуй, ажил үйлэндээ хэрэглэдэг байсан одон зурхайн уламжлалт ухааныг өвлөн авч хүмүүн төрөлтний оюун ухаан, ололт амжилт, ур чадвар, дадал зуршлын алив дэвшилтэт бүхнээр үе үедээ дамжуулан үргэлж цэнэглэж явахын сацуу дахин дахин сэргээн, ахин ахин баяжуулах эвдрээгүй эх чадавхи бүхий (оригинал) Чингис лугаа гэгээн, тэнгис лугаа арвин, удам сайт ухамсар оюундаа дулдуйдан бүхнийг нийлэгжүүлэн гүйцэлдүүлж чадах монгол сэтгэлгээ болой. 

Үндэстэн оршихуйн нэгэн дархлаа: - Мөнх тэнгэрийн хүчин дор дээд тэнгэрээс зарлигдсан их эзэн Чингис хааны үр сад бид үндэсний түүх, урлаг соёл, зан заншлаа хүндэтгэн үзэж хичээнгүйлэн судалж өдөр тутмын амьдралын хэрэгцээ болгох, тухайлбал монголчуудын үндэсний түүх соёлын шилдэг дээж бичиг болох "Монголын нууц товчоо"-гоо зүрхэн тарни болгож бишрэн цээжилж явах, философи, урлаг соёлын үнэт өв болох ардын дуунууд, алдарт туульс, ерөөл магтаалаа утга төгөлдөр дуулж, хайлж, сонсож сэтгэл санаагаа ариусган оюун ухаанаа гэгээрүүлж сурах, монгол эрдэмтэн, гэгээнтнүүдийн туурвисан бурханы шашны алдарт бүтээлүүд, уламжлалт одон зурхайн ухааны уг үндсийг ухварлан ойлгож амьдрал, ахуйдаа итгэл төгөлдөр хэрэглэж дадах зэрэг олон хүчин зүйл өөртөө агуулсан нүүдлийн соёл иргэншлээр уламжлагдан ирсэн, шинэ зуунд даяарчлалын нөлөөгөөр аажим аажмаар төлөвшин буй монгол маягаар аж төрөх ёс болой.

    Монгол хүний суурь философи (үндсэн үзэл баримтлал) нь бие оршихуйн, сэтгэл - оюун оршихуйн, үндэстэн оршихуйн бат бэх дархлаатай, ямар ч нөхцөл байдалд биеэ засаад гэрээ засдаг - гэрээ засаад төрөө засдаг үлэмж чадавхи бүхий иргэн бэлтгэн гаргахад оршино.

    Суурь философи нь улс төрийн нөхцөл байдал, даяарчлалын их алхаа гэх мэт цаг үе, хөгжил дэвшилтэй холбоотойгоор өөрчлөгдөн, хөгжин, шинэчлэгдэж байх хэдий ч агуулга нь үл өөрчлөгдөнө. 

Биеэ засах гэдэг нь

  1. Одоо байгаа "Би"-ээ ойлгох, ухаарах
  2. Онолын хувьд ч дадал чадварын хувьд ч ямар түвшинд байгаагаа үнэлж үзэх
  3. Шинээр юу сурч, юу мэдэх бололцоотойгоо судалж хэрэгжүүлэх төлөвлөгөө зохиох
  4. Дээр тодорхойлсон 3 дархлаандаа түшиглэн бүтээлчээр гүйцэлдүүлэх
  5. Шинээр төрсөн "Би"-гээ өөрийн өвөрмөц онцлогт тохирсон "тестээр" шалган дэнсэлж өөртөө итгэлтэй болох эдгээр үйл ажиллагааны дэс дарааллыг ойлгоно.
Гэрээ засах гэдэг нь
  1. Одоогийн байр сууриа тодорхойлох
  2. Шинэ нөхцөл байдалд тохируулан байр сууриа хэрхэн шинэчилж өөрчилж болох, хүрээлэн буй орчиндоо даган зохицох боломж, бололцоог нухацтай судалж шинжлэх
  3. Өөрчлөлтийн чиг баримжаа, дэс дараалал, цаг хугацааг нарийн дэнсэлж зорилгоо тодорхойлон үйл ажиллагааны төлөвлөгөө зохиох
  4. Дээр тодорхойлсон 3 дархлаагаа түшиглэн бүтээлчээр гүйцэлдүүлэх
  5. Шинэ байр суурь өөрт чинь хангалттай гэдэгт өөрийн өвөрмөц онцлогт тохирсон "тестээр" шалган дэнсэлж өөртөө итгэлтэй болох эдгээр үйл ажиллагааны дэс дарааллыг ойлгоно.
Төрөө засах гэдэг нь 
  1. Одоо хийж буй үйл ажиллагааныхаа дүр төрхийг эргэн харж шинжиж үзэх
  2. Шинэ хүчин зүйлүүд, шинэ нөхцөл байдлыг нарийвчлан судалж эерэг сөрөг нөлөөлөл, үр дагавар, үр дүнг урьдчилан яв цав тооцож тодорхойлох
  3. Өөрийн болон олны сонирхлын аль алийг нь хөндсөн, өөрийн эрх ашгийг бүрэн хангасан нийтлэг шинжтэй, тодорхой зорилго, хугацаатай, бүтээлч төлөвлөгөө боловсруулах
  4. Дээр тодорхойлсон 3 дархлаандаа түшиглэн бүтээлчээр хэрэгжүүлэх
  5. Шинээр хийж эхлэх үйл ажиллагаандаа бүрэн итгэлтэй, сэтгэл хангалуун байх 
эдгээр үйл ажиллагааны дэс дарааллыг ойлгоно.

Биеэ засаад гэрээ зас, Гэрээ засаад Төрөө зас (Б-Г-Т) гэдэг нь Бие хүн, Хувь хүн, Нийтэч хүн төлөвшинө гэсэн үг юм. 
Жич: Суурь философийн товч тайлбар товчоон бичин гаргах хэрэгтэй байна.

No comments: