Санаашрал болгоноо нулимсанд урсгаад
Гунигаа мартаж хэлье
Сарны хорвоог зовоохгүйн тулд
Зүрхэндээ уйлж хэлье
Үхлийн өмнө хальрахгүй
Зоригоон чангалж хэлье
Үүрийн цагаан гэгээнээр
Шүлгээн тэрлэж хэлье
Ээждээ би шүлгэн дээл урлана
Тунгалаг цээлхэн харцанд нь гуниг тийчиж өнгөрсөн
Томоогүй үрсийнхээ төлөө нулимсаа залгилж бэтгэрсэн
Эгшигт замиланд өр нэхэхгүй ч ээждээ би
Энэхэн дэлхийг бэлэглэсэн ч дэндүү багадахаар өртэй
Нарны алтан цацрагаар ижийдээ дээл оёхгүй
Насаа элээж гүйцэхгүй наран болчихож ч мэднэ
Дэрсний толгой бөхийсөн таанын цэнхэр талдаа
Дэндүү дураараа үрээ харуулдахаа байчихаж мэднэ
Эрвээхэйн гоёмсог далавчаар ижийдээ дээл эсгэхгүй
Эрээн чамин өнгөнд нь цэцэгс атаархаж мэднэ
Энхрий үрстэйгээ эрхлэх хоногийн тоогоо цөөлөөд
Энэрэл хайрын хорвоод эрвээхэй болоод нисчихнэ
Энгэрийн мөнгөн товчныхоо ариухан сүүгээр тэтгэн
Эр хүн болохын минь хойшдын заяаг товлон
Үүлэн чөлөөний наран адил зуурдхан мандах амьдралд
Үүрдийн цагаан сэтгэлээр намайгаа хүн болгосон юм
Жаргал мөхөсхөн замбуулинд ижий минь жаргаж чадаагүй
Жаргалдаа ташуурсан үр нь таныгаа жаргааж чадаагүй
Зуун жилийн хойно ч ертөнцийг тэтгэх ижий байг гэж
Зулай дээр тань хүү нь шүлгээ тэрлэж адислъя
Санаашрал болгоноо нулимсанд урсгаад
Гунигаа мартаж хэлье
Сарны хорвоог зовоохгүйн тулд
Зүрхэндээ уйлж хэлье
Үнэгэн харанхуйн айдас дунд өндийж хөхүүлсний чинь тоогоор
Үр чинь таныхаа өлмийд сөгдөн байж хэлье
Ээждээ би шүлгэн дээл урлана
Ээждээ би мөнхийн дээл урлана
(2002 он. Өндөрхаан хот)
1 comment:
Яасан сайхан шүлэг вэ
Post a Comment