Миний бие хэдэн жилийн өмнө хэл шинжлэлийн ухааны доктор, профессор Д. Болдбаатар багштаны "Гадаад хэлийг төгс сурахуйн нууц" номыг уншиж билээ.
Уг номын талаар товч мэдээлэл хүргэхээр шийдлээ. Энэхүү ном нь хэмжээний хувьд төдийлөн зузаан биш боловч, үг өгүүлбэр бүрийн утга тун нягт билээ.
Болдбаатар багш бол хятад, япон, англи хэлний толь бичиг зохиосон (аливаа улсад толь бичиг зохиодог хүн гэдэг бол тэр хэлнийхээ хамгийн өндөр түвшний хүмүүсийн нэг байдаг) хятад, япон хэлний сурах бичгүүд зохиосон. Мөн бидний мэдэх Хуаньжу Гэг, Чингис хаан, Хубилай хаан зэрэг олон ангит кинонуудыг орчуулж, Чонон сүлд, Гурван улсын түүх, Муухай хятад хүн зэрэг олон зохиолыг хятад хэлнээс орчуулан гаргасан бичгийн их хүмүүн билээ
Уг номонд эртний монголчууд хүүхдийг хэрхэн монгол ухаанаар, монгол гэрийн сургалтын аргаар сурган хүмүүжүүлж байсан тухай маш сонирхолтойгоор харуулдаг бөгөөд ер нь 2 настай хүүхдийн хэл сурах чадвар, 20 настай залуугийн хэл сурах чадварыг харьцуулан дүгнэж, ерөөс бид бага дунд сургууль, ахлах болон дээд сургуулиудад хэл заалгаж байсан аргазүйгээ эргэн бодоход эрхгүй хүргэнэ.
Мөн хятад, япон, солонгос, англи, орос гэх мэт тодорхой хэдэн хэлний талаар зөвлөгөө өгч, хэл сурахуйн гол аргачлал болох чанга дуугаар унших, номыг уншихдаа үгийг тольдоод цээжлэлгүйгээр хаяж явах (уг аргын хүрээнд хэд хэдэн зүйл бий) нь аль ч хэлийг сурахад адил нөлөө үзүүлдэг тун чиг үр дүнтэй арга болох талаар өгүүлнэ.
Ер нь бол гадаад хэл гэлтгүй, аливаа зүйлийг сурахад санаа бодлоо элдэв зүйлд сатааруулахгүй, тууштай зан чанарыг хөгжүүлэх нь нэн чухал болохыг онцлон дурдана.
Уг номыг бүрэн эхээр нь унших хүсэлтэй байвал миний хувийн блог болох http://baatarchuluun.blogspot.com/2012/10/blog-post_22.html хуудаснаас үзээрэй.
Бусад зохиол бүтээлийг нь харахыг хүсвэл https://www.apm.mn/s/62_minii-nom холбоосоор орж харах, захиалах боломжтой.
No comments:
Post a Comment