Sunday, January 12, 2014

Наран хиртэхүй

1997 оны 3-р сарын 9-ний өдөр монгол улсын газар нутаг дээр нарны бүтэн хиртэлт ажиглагдсан билээ. Энэ үйл явдлын өмнө миний багш З.Жиймэн нар сарны хиртэлтийн шинэ алгоритм боловсруулан, персональ компьютерт зориулсан програм хангамжийг хөгжүүлсэн байсан бөгөөд энэхүү хиртэлт нь түүний онолын эхний баталгаа болох байлаа. Ингээд тухайн өдрийн Ням гариг сонины дугаарыг олж багшийнхаа нийтлэлийг толилуулж буй минь энэ юм.



[нийтлэл]
Зандаръяагийн Жиймэн ТИС–ийн Зайн сургалтын  төвийн захирал. ТИС -  ийн дэд профессор. 1994 онд “Компьютер астрометр ба  тэнгэрийн эрхсийн эфемерид” сэдвээр буюу нар, сарны хиртэлтийн онолоор дэд докторын зэрэг хамгаалсан. Одоогийн хиртэлт түүний гаргасан онолыг батлах нэгэн туршилт болох юм.

Нарны хиртэлтийн үелэх чанар хэмээх нь
Сарны үзэгдэх хэмжээ харагдаж эхлээд (битүүний сар, шинийн  наймны сар, тэргэл сар гэж ярьдаг) үзэгдэхгүй болох хүртэл хугацааг синодик сар гэдэг бөгөөд энэ нь б = 2.530588 хоногийн үетэй байдаг. Сар, нартай нэг байрлалд ирээд дахин нэг байрлалд ирээд дахин энэ байрлалд иртлээ б = 27.212220 хоног болдог бөгөөд үүнийг луун сар гэдэг. Энэ хоёр сар байрлал давхцах бололцоотой тэр үед хиртэлт болно. Энэхүү давхцах үеийг тооцоолж үзвэл (хаалтанд байгаа томъёог математик сонирхдог хүмүүст зориулав. Энд тб = лб бөгөөд хамгийн эхний хангалттай нарийвчлал өгөх утга τ = 242. n = 223 болно.) 18 жил 10 1/3 ; 11 1/3  хоног (өндөр жилээс хамаарч) гэж олдоно. Тэгтэл нэгэн удаагийн нарны хиртэлт 18 жилийн дараа дахин давтагдах болох нь. Тодорхой нэг удаагийн хиртэлтийг САРОС гэдэг. Одоо манай оронд болж буй хиртэлт зургадугаар САРОС–ынх юм. Энэ хиртэлт үүний өмнө таван удаа болсон буюу 1907 онд манай оронд үзэгдсэн байна. Онолоор тооцоолж үзэхэд тодорхой нэг хиртэлт 70 Саросын турш буюу 1300 жил ажиглагдах бөгөөд үүнээс 45 саросын турш бүтэн хиртэлт байх юм.  

Энд сонирхуулж бичихэд: Манай эриний өмнөх VI зууны Геродитын номонд <<...Лидичүүд болон Мидяний хооронд дайн таван жил үргэлжлэв. Дайн ихэвчлэн шөнө болж байсан бөгөөд ялалт хоёр талд ижил байлаа. Нэгэн удаа дайн тэнцүү байдалд өдөр үргэлжилсэн бөгөөд гэнэт өдөр нь шөнө болж  хувирсан байна. Үүнд ухаант Фалес Милетский энэхүү он, цагийг нэгэнт урьдчилан хэлсэн байв. Лидичүүд болон Мидянууд ийнхүү өдрийн оронд шөнө болсонд үнэнхүү гайхан цочирдож дайнаа зогсоож, найрамдсан байна ...>> гэж бичсэн байдаг. Эндээс Фалес маягийн мэргэ үнэн болж буйг харахад Саросын тухай ойлголт (ажиглалт, туршилтын дүнд) хүн төрөлхтөнд  хэдий үеэс мэдэгдэж байсан нь тодорхой. 

Уншигч та бүхэн саросын тухай мэдэх болохоор 18 жилийн үетэй, 16 сарос ажиглагдаж байгаа (18-аас л бага шүү дээ) болно. Үүнээс гадна цагирган хиртэлт, хэсэгчилсэн хиртэлтүүдийн хугацааг мэдэж байвал мөн л 18–ыг нэмж дараагийн хиртэх хугацааг олж болно. Хиртэлтийн үеэр хүн, нийгэмд үзүүлэх эерэг ба сөрөг нөлөөллийн талаар дараахь жишээг дурдъя. (Энд би бүтэн хиртэлтэд бараг дүйцэхүйц цагирган хиртэлтийг авч үзлээ. Цагирган хиртэлт  нь нарны дугуйн төвийг дайрах боловч бүрэн халхлагдахгүйд оршино. Энэ төрлийн хиртэлтийг мэргэжлийн хүмүүс бүтэн хиртэлттэй адилтган үздэг). 1939 онд болсон цагирган хиртэлт Европ, ЗХУ, Манжуурын нутгийг дайрч өнгөрсөн байхад дэлхийн II дайн эхэлсэн түүхтэй. 1941 онд болсон бүтэн хиртэлт ЗХУ, төв Ази, Хятадын нутгийг дайрч өнгөрсөн байхад ЗХУ – дэх эх орны аугаа их дайн эхэлсэн биз дээ. 1945 оны бүтэн хиртэлт АНУ, Англи, Скандинавийн орнууд ЗХУ – г дайрч өнгөрсөн үед дэлхийн II дайн дууссан билээ. Үүнийг чухам хэрхэн цэгнэхийг уншигч таны мэргэн оюунд найдан үлдээв.

Нарны бүтэн хиртэлт Монгол оронд
Монголд оронд XX зуунд тохиолдсон бүтэн хиртэлтүүдийг өгүүлье. Хиртэлтийн тооцоог бид өөсрдийн гаргасан аргачлалын дагуу хийсэн учир онолын утгууд бусад оронд бодсоноос ямар нэг хэмжээгээр зөрж болох юм. Харин сонирхсон тохиолдолд бидэнд хандаарай.

1. 1903 оны III сарын 29–нд болсон: Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий Сүхбаатар, Дорнод аймгийн  нутгийг дайрч өнгөрсөн. Эхэлсэн хугацаа 07:37:12 дууссан хугацаа 10:29:55
2. 1907 оны I сарын 14–нд болсон: Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нутгийг дайрч өнгөрсөн. Эхэлсэн хугацаа 06:45:428 дууссан хугацаа 10:02:43
3. 1966 оны V сарын 20–нд болсон: Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгийг дайрч өнгөрсөн. Эхэлсэн хугацаа 18:09:19, дууссан хугацаа 20:29:14.
4. 1968 оны IX сарын 22–нд болсон: Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар Дорнод аймгийн нутгийг дайрч өнгөрсөн. Эхэлсэн хугацаа 18:55:34, дууссан хугацаа 20:29:14.
5. 1987 оны IX сарын 23–нд болсон: Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Ховд аймгийн нутгийг дайрч өнгөрсөн. Эхэлсэн хугацаа 08:18:29, дууссан хугацаа 11:06:12

1997 оны III сарын 9–нд болох бүтэн хиртэлт:
Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говь-Алтай, Баянхонгор аймгийн хойд захын сумдын нутгийг дайрч өнгөрнө. Бүтэн хиртэлт эхлэх хугацаа 07:46:41, дуусах хугацаа 10:02:57.

No comments: